2011-02-22
Улсын Дээд Шүүх бүртгэхгүй, унасан навч ургахгүй

Бүртгэлд орохгүй нам, хуулийн гурван заалт

Хувь заяаны эрхээр өөрийнх нь гарын үсэгтэй хуулийн заалт “МАХН” нэрийг авах Н.Энхбаярын оролдлогыг бүрэн хааж байна. УИХ-ын дарга Н.Энхбаярын гэсэн гарын үсэгтэй, Улстөрийн намуудын тухай хуулийн 15.6 дахь заалтыг Ц.Нямдорж сайд итгэл төгс иш татаж байгаа юм. “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан, нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно”. Н.Энхбаяр өөрөө цагаан дээр хараар, цаасан дээр монгол хэлээр бичсэн хуулийн заалт. “Мэхт мэхэндээ” гэдэг. Энэ заалтыг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээгүй, хөндөж яриагүй, хүчин төгөлдөр хэвээр байна. Ногоон намын Д.Энхбатын хэлсэнээр арав гаруй жил тайзан дээр дуулчихаад буусан хойноо “Би солгой хоолойгоор аялчихаж. Одоо яг зөвөөр нь дуулъя. Ахиад арван жил өгчих” гэсэн сонирхлыг энэ заалт хориглоно. Өөрийнхөө гарын үсэгтэй, хуулиар МАХН бүртгэлд орохгүй гэдгийг өндөр албан тушаалд өдий олон жил суусан улс төрч мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Улсын дээд шүүх Н.Энхбаярын байгуулагдаагүй намд гэрчилгээ олговол Монгол Ардын Намыг 2010 оны 11 дүгээр сард бүртгэн авсан өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэж орхино. Монгол Ардын Намыг бүртгэхдээ “МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” гэдгийг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн. Гурван сарын өмнөх шийдвэрээ Дээд шүүх өөрөө үгүйсгэх хуулийн болон ёс суртахуун, сэтгэл зүйн магадлал тэгтэй тэнцэнэ. Улсын бүртгэлийн жагсаалт нь 13 төрлийн бичиг баримтаас бүрдэнэ. МАХН гэдэг товчилсон болон бүтэн нэр нь Монгол Ардын Намын өмч хэвээр хадгалагдаж байна. Өөрчлөлтийн тухай мэдээлэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.2-т “Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална” гэжээ. Улсын бүртгэлийн жагсаалтаас МАХН гэдэг нэр хасагдаагүй, Монгол Ардын Намын өмч хэвээр хадгалагдаж байгааг нотлох хуулийн заалт. Зөвхөн татан буугдсан этгээдийн нэрийг жагсаалтаас хасдаг хуультай. МАХН татан буугдаагүй, нэрээ өөрчилсөн, тэр нь бүртгэлд өмчлөлд нь хэвээр хадгалагдаж байна. Хуулийн этгээдийн нэр олгох журмын 5.3 дахь заалт Н.Энхбаярын оролдлогыг нэгмөсөн хаажээ. “Нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн өмнө нь олгогдсон нэрийг бусад хуулийн этгээд авахдаа тухайн хуулийн этгээд, үүсгэн байгуулагчийн зөвшөөрлийг авсан байна”. МАХН нэрийг Н.Энхбаярт олгохыг Монгол Ардын Нам зөвшөөрөх нь “Зүүдэнд ч орохгүй явдал”. Зөвшөөрөхгүйг нь хориод хоногийн дараа зурагтаар үзэх мэдээ. Нэр давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүйг Иргэний хуулийн 27.3-т заасан байна. Дэлхийд алдартай Макдональдс түргэн хоолны сүлжээг дууриасан “Мондоналдьс” фэст фүүдийг хориглож байсантай яг адилхан үйл явдал. УИХ-ын дарга Н.Энхбаяр гэсэн гарын үсэгтэй, Улс төрийн намуудын тухай хуулийн 6.2-т “ Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж аухйн нэгж болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн хүний нэрээр нэрлэхийг хориглоно” гэж хөдөлшгүй заажээ. “МАХН”, “Н.Э” гэх зэрэг товчлол ч, дэлгэрэнгүй нэр ч хуулиар хоритой. Н.Энхбаярын “МАХН” бүртгэлд орохгүйг өндөр албан тушаал арваад жил хашсан өдий зэргийн улс төрч мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Тэгээд яагаад тэмээ гэхээр ямаа гэж тэс хөндлөн зүтгээд байна вэ? Нэрэн дээр анхаарал татаж байгаад нэдэр дээрээ МАХН-ыг насаараа харааж зүхэгчидтэй нийлж, нам байгуулах улс төрийн зальжин үйлдэл юм. Улс төрийн мэх мөн боловч улсын хуулиар мэхэндээ унах үзэгдэл ч гэж болно. Хүний үйл хөдлөл хөдөлж болно, хуулийн заалт хөдөлшгүй. Харин МАХН-ыг хараагчидтай нийлж МАХН-ыг байгуулах оролдлого улс төрийн ололт биш алдаа. Монгол Ардын намын гишүүд өчигдөр өөрсдийнх нь эсрэг үг бүхнээ зориулж явсан хүмүүстэй Н.Энхбаяр нийлж байгааг хараад нягтарна уу гэхээс задрахгүй. Буянгийн Жагаагийн тэргүүлсэн Бүгд Найрамдах Намын нарийн бичгийн даргаас ч халагдаагүй Л.Цогийн 37 жилийн өмнө элссэн намдаа эргэж орлоо гэсэн мэдэгдэл хангалттай. Ногоон намын Онц их хурал гэгчийн хэлэлцэж байгаа бичиг баримт С.Молор-Эрдэнийн гарын үсэгтэй байгааг үзэгчид харлаа. Энэ нөхөд хэдэн намд байна вэ? Энэ нөхөд хэдэн нүүртэй, аль нь юм бэ? Бүртгэлтэй намд бол гишгэх хөл, суух сандал олдохгүй. Гуравдагчдын орон зайд ганцаараа байхын тулд Ногоон намыг бужигнуулж байгаа үйл явдал Монгол Ардын Нам руу хийсэн давшилтын хуулбар, их танил сценар. Н.Энхбаярын хүчээр их улс төрд яваа хүмүүс эргэж буцлаа гэж байна. Харин Н.Энхбаяр аль намын гишүүдийн нуруун дээр сууж, хөл газар хүрэхгүй арван жил заларсан билээ? Хэн нь идсэн хоолныхоо аяга руу нулимж байгааг хүмүүс харж байна. Унасан навч ургадаггүй : Төрийн хуулиас гадна байгалийн хууль. Авлигад нэр бохирдсон бүү хэл Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг 1991 онд тусдаа нам байгуулж гараад төрхөмдөө буац байлаа. “Ардчилсан холбоо” эвслийн намууд 2000 онд МҮАН, МСДН, МоАН гэж гурав салж ороод салам тавиулж байлаа. ҮШН-ыг байгуулагдахад одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцхан өгүүлбэр хэлсэн. Модноос тасарсан мөчир ургахгүй гэж. ҮШН өнөөдөр УИХ-д битгий хэл сумын ИТХ-д ганц суудалгүй байна. Л.Гүндалай Ард түмний нам байгуулаад мухардалд орж, АН-ыг анхны хайртайгаа зүйрлэн буцаж билээ. Унасан навч ургахгүй.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax