2011-02-22
Умард Солонгос хүнсний тусламж хүсчээ 2011 оны 2 сарын 16

Умард Солонгос хүнсний тусламж хүсчээ 2011 оны 2 сарын 16 ЛОНДОН. /Дэйли Телеграф/. Умард Солонгос дипломат харилцаатай орнуудаасаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг шууд хүссэн тухай Өмнөд Солонгосын Жүнань Дэйли сонин мэдээлжээ. БНАСАУ-д ган болж, шүлхий гарснаас хүнсээр гачигдах болсон байна. Үүнээс болж Умард Солонгос их удирдагчийнхаа төрсөн өдрийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэхээс татгалзах бодолгүй байгаа ажээ. Жүнань Дэйли сонинд мэдээлснээр, Умард Солонгос өнгөрсөн оны намраас эхлэн хүнсний тусламж хүсч байгаа бөгөөд сүүлийн хоёр сар байдал бүр хүндэрчээ. "Өнгөрсөн оны сүүлээс Умард Солонгос АНУ болон олон улсын байгууллага, дипломат харилцаатай бараг бүх улсаас, тэдгээрийн дотор Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудаас хүнсний тусламж хүссэн байна" гэж сонин нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснийг иш татжээ. Умард Солонгос хүнсээ эхэлж аваад төлбөрийг дараа хийнэ гэж мэдэгдэж байгааг Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж мэдээлсэн аж. Британийн “Гардиан” сонин Азийн нэг дипломатын хэлснийг иш татан мэдээлснээр, "Энэ онд Пхеньян хилийн чанад дахь 40 ЭСЯ-ндаа байрлаж байгаа улсынхаа Засгийн газраас хүнсний тусламж хүсэхийг үүрэг болгожээ. ЭСЯ бүрт хувь хэмжээ тогтоож өгсөн байна" гэж дипломат хэлжээ. "Ким Чен Ир аль болох их хэмжээний цагаан будаатай болохыг ЭСЯ-дадаа үүрэг болгосон" гэж Азийн өөр нэг түшмэл мэдээлжээ. Лондон дахь БНАСАУ-ын ЭСЯ үнэхээр хүнсний тусламж хүссэнийг Их Британийн ГХЯ “Гардиан” сонинд нотолсон байна. ЭСЯ-аараа дамжуулан тусламж хүсч байгаа нь Умард Солонгосын хувьд маш ер бусын үйлдэл болжээ. Уг нь тус улс юуны түрүүнд, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан хүнсний тусламж үзүүлэх тухай хэлэлцээ хийдэг юм. Тус хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Умард Солонгосын хүнсний хэрэгцээг судалж байгаа бөгөөд удахгүй нийтлэгдэх ёстой ажээ. Бүр өнгөрсөн оны 11 дүгээр сард тус хоёр байгууллагаас Умард Солонгосын хүн амд энэ онд өлсгөлөн нүүрлэнэ гэж анхааруулж байсан байна. ДХХ-ийн дүгнэснээр, тус улсад 542 мянган тонн хүнс нийлүүлэх шаардлагатай ажээ. Умард Солонгосын наанадаж найман мужид шүлхий өвчин гарсан нь байдалд улам нэрмээс болж байна. Сүүлийн дөрвөн жилд анх удаа шүлхий өвчин гарсныг тус улс хүлээн зөвшөөрчээ. Уг өвчнөөр 10 мянга гаруй толгой үхэр болон гахай халдварласан байна. Умард Солонгос үхрийг зөвхөн улсын мах бэлтгэлийг хангахад төдийгүй, газар боловсруулахад ашигладаг аж. Энэ хавар тус улс газраа боловсруулж, үр тариагаа тариалж чадахгүй хүрч болзошгүй байна. Өмнөд Солонгосын YTN агентлагаас иш татан Блумберг агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын армийн нэг анги хэдэн өдөр хоолгүй байсан учир цэргүүд нь ажилд гарахаас татгалзжээ. Үүний сацуу хоёрдугаар сарын 16-нд Умард Солонгосын их удирдагчийн 69 насны ойд ард нийтээрээ өлсөж байгаа ч ганц ч минутын тасалдалгүй бэлтгэж байна. Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Пхеньянд цэцгийн, уран гулгалтын, усанд сэлэлтийн их наадам, гэрэл зургийн болон урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарч, хөдөлмөрчдийн уулзалт болж байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax